Свахили хэл буюу Кисвахили (Kiswahili) нь Банту хэлний нэг төрөл бөгөөд Мозамбикийн сувгийн эргийн дагуу, хойд Кениэс хойд Мозамбик хүртэл, мөн Коморын арлуудад оршин суугч янз бүрийн угсаатны ярилцдаг хэл юм. Түүнчлэн Сомалийн угсаатны цөөнх уг хэлээр ярилцана. 5 сая хүний л төрөлх хэл боловч зүүн Африкийн ихэнх нутагт уг хэлээр нэвтрэлцэх боломжтой бөгөөд ярилцагчдын тоо 60 саяд хүрнэ. Свахили хэл нь дараах 5 улсын үндэсний буюу албан ёсны хэл болдог: Танзани, Кени, Уганда, Комор, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс.
1200 гаруй жилийн турш Араб хэлтнүүд зүүн өмнөд Африкийн эрэг хавьд нутаглагчидтай харилцаатай байж ирсэн тул свахили хэлэнд араб хэлнээс зээлдсэн үг олон бий. Мөн сүүлийн таван зууны туршид перс, герман, португал, англи, франц үгнүүд тодорхой хэмжээгээр орж иржээ.
