Күрдүүд (курд. کورد, Kurd) Күрд үндэстэн, оросоор олон тоонд Ку́рды, англиар олон тоонд Kurds) — Өрнө Азийн Түрк, Сири, Ирак, Иран гэсэн дөрвөн орноо төвлөн нутагладаг Иран хэл-угсааны ард түмэн, өөрийн гэсэн улстай болохын төлөө идэвхтэй тэмцэж буй 30-38 сая хүнтэй үндэстэн. Дөрвөн улсын өнцөг буланд тэнцүүхэн хуваагдсан Курдуудын нутгийг Курдистан, монголчловол Курд орон гэнэ. Курдүүд гагц Ирак өөртөө засах давуу эрх эдэлж байгаа. Курд хэл нь хоёр гурван үндсэн бүлэг аялгуутай. Өдгөө ихэнх Курдүүд оршин байгаа улсынхаа зонхилох хэлийг давхар сурч хос хэлтэй болцгоосон байдаг. Мөн олон тооны күрдүүд Герман, Азербайжан, Афганистан, АНУ болон бусад орнуудад цагаачлан амьдарч байна.
Түүх
МЭӨ 2-р мянганы үеэс Иран /перс/ хэлээр ярьдаг овог аймгууд Загрос уул руу нүүж, нутгийн хүн амтай холилдсоны үр дүнд бий болж Энэтхэг-Европ хэл давамгайлж байсан ч соёлын нөлөө харилцан адилгүй байв. Курдууд ард түмний хувьд ойролцоогоор МЭӨ 5-р зуун - МЭ 5-р зууны үед үүсэн бүрэлдсэн гэж үздэг.
Курдуудын тухай үлдсэн анхны эх сурвалжийн нэг бол МЭӨ 520 онд Эртний Грекийн түүхч Милетийн Гекатей-гийн бүтээлүүдэд "Корди" /«Cordī»/ хэмээх овог аймгууд тэмдэглэгдсэн байдаг.
4-р зуунд Византийн эзэнт гүрний үед Курд овог аймгууд Армянчуудын өмнөд хөрш байсан бөгөөд Милидагаас эзэнт гүрний зүүн хил хүртэлх газар нутагт аж төрж байжээ.
Курдууд 637 онд Арабууд Месопотамийг байлдан дагуулж байх үеэр Арабын цэргүүдтэй анх учирсан байна. Арабууд Сасанидын эзэнт гүрнийг байлдан дагуулж, курд болон бусад ард түмэн суурьшсан Византийн ихэнх хэсгийг эзлэн авсан юм. Курд овог аймгууд нь Сасанидийн эзэнт гүрний чухал хэсэг байсан бөгөөд 639-644 оны хооронд эзэнт гүрэн нуран унах нь тодорхой болоход Курдын удирдагчид ар араасаа Арабын арми болон шинэ исламын шашинд дагаар орсон байна.
7-р зууны дунд үе хүртэл курдуудын дийлэнх нь "зороастризм" шашинтнууд болон Христэд итгэгчид байв. Арабууд олон курдуудыг хүчээр Исламын шашинд оруулсан байна. Христэд итгэгчид исламыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэд Сирийн хаант улс эсвэл Арменийн хаант улс руу зугтаж, нутгийн иргэдэд ууссан юм. Курдууд Исламыг хүлээн зөвшөөрсөн анхны араб бус ард түмэн болсон түүхтэй.
Эртний болон дундад зууны эхэн үед "курд" гэдэг үг хоёр утга агуулдаг байсан гэдэг таамаг байдаг: угсаатны нэрээс гадна энэ нь заримдаа мал аж ахуй эрхэлдэг "малчин" гэсэн утгатай. Курдуудын олон зуун жилийн бэлчээрийн аж ахуйн уламжлал нь иранчууд "курд" угсаатны нэрэнд нийгмийн утга учрыг өгөх болсон шалтгаан байж магадгүй юм. Ираны нөлөөгөөр "курд" гэдэг үгийн энэ утгыг хожим Арабын зохиолчид хүлээн авч, бүтээлдээ "малчин" гэх утгаар оруулсан байна.
847 онд Курдын эрдэмтэн, ургамал судлаач, түүхч Абу Ханифа ад-Динавари (828-896) Курдуудын тухай "Курдуудын гарал үүсэл" ("Ансаб аль-Акрад") гэсэн түүхийгн ном бүтээжээ. Арабын түүхээс үзвэл Ван нуурын эргэн тойронд курд овог аймгууд, тосгон олон байжээ.
10-р зууны Арабын эх сурвалжийн мэдээлснээр Курдууд Фарс, Керманшах, Систан, Хорасан, Исфахан, Хамадан, одоогийн Сулаймания, Атропатена, Дээд Месопотами, Сирийн нутаг дэвсгэрт нутаглаж байжээ. Түүгээр ч барахгүй зөвхөн Фарс хотод л гэхэд Ибн Хавкал, аль-Истахри нарын үзэж байгаагаар 500 мянга гаруй курд гэр бүл байсан бөгөөд тус бүр нь арав хүртэлх эрэгтэй хүнтэй байжээ.
Османы Султан I Селим 1514 онд Персийн Шах Исмаилыг ялж, Баруун Армени, Курдистаныг нэгтгэсний дараа шинэ газар нутгуудын захиргааг Битлисийн курд түүхч Идрисэд даалгасан. Идрис газрыг санжак (дүүрэг) болгон хувааж, эртний ёс заншлын дагуу захирч байжээ. Түүний засаглалын үед курдууд Доголон Төмөрийн дайралтын дараа Ереван, Эрзурумын хоорондох нутгуудад суурьшжээ.
1921 оны 10-р сарын 10-нд Курдууд нийслэл Сулейманиа хоттой Курдистаны вант улсыг тунхаглав. Махмуд Барзанжи Курдистаны шах болжээ. Жилийн дараа Иракийн хойд хэсгийн Курдын бүс нутгуудад газрын тосны баялаг ордууд нээгдэж, барууны орнууд тусгаар тогтносон Курдистаныг дэмжихээ болиход хүргэв.
_21.jpg?width=1280)